EX-MACHINA

Хэзээ ч хуучиршгүй сонирхолтой дэлгэцийн бүтээлүүд гэж байдаг. Хэдий дэлгэцнээ гараад удаж байгаа ч үүн шиг гайхалтай шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл хараахан төрөөгүй л байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Автоматжуулалт, хиймэл оюун ухаан, хүнээс ялгах аргагүй роботууд ирэх хэдэн арван жилдээ ч “моод”- ноос гарахгүй болов уу. 

The Stranger сэтгүүлийн Чарлз Мүдэдэ Rottentomatoes.com дээр “Үг бүр нь утга учиртай: харц, хөдөлгөөн, өрнөлд нэг ч илүү зүйл байхгүй” хэмээн бичсэнчлэн киноны уран бүтээлчид ирээдүйн тусгалыг өнөө цагт авчран үзэгчдэд олон бодрол үлдээнэ.

Киноны тухайд нэгэнтээ маш олон эерэг шүүмжүүд бичигдсэн учир энд киноны үйл явдал өрнөдөг газрын тухай сонирхолтой баримтыг өгүүлье. Кинонд хэдийгээр график дизайны элемент оруулсан “бодит биш” зүйлс олон ч зураг авалт хийсэн газар нь харин үнэхээр бодитоор оршдог аж. 

Технологийн компанийн тэрбумтан Натан (гол дүр)-д зориулж байгаль дундах нууцлаг бөглүү газар олох гэж дэлхийгээр нэг эрэл хайгуул болсны эцэст Норвегийн умард хэсгийн уулан дунд байрлах модернист, футурист загвартай Juvet Landscape зочид буудлыг олсон хэмээн зургийн дарга Марк Дигби ярьсан байв.

Энэ байшингийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь анх харахад анхаарал татахаар содон биш харагддагт бий. Гаднаасаа модон дунд хэдэн бор хайрцаг тавьсан мэт боловч дотор нь ормогц байшин нь байгалийн нэг хэсэг, байгаль өөрөө байшингийн нэг хэсэг үү гэж андуурам нүсэр том хадан хана бүхий зай талбай ихтэй, модернист загвартай зочны өрөө угтах ба цэлийсэн том цонхоор нь үзэмж төгс орчин харагдана.

Ex-Machina хэдийгээр удахгүй биеллээ олж мэдэх хиймэл оюун ухаан “ноёлсон” ойрын ирээдүйг зөгнөсөн ч гэлээ барилга дотор хүний био эрчмийг мэдэрч ажилладаг товчлуур, компьютерийн программууд гээд ер нь Ава роботоос бусад нь бодитоор байдаг зүйлс гэж бодохоор энэ киног тийм ч футуристик биш юм уу гэж гайхмаар. Гэвч Дигби үүнд “Бид үүнийг маш нухацтай бодсон. Тэгээд хүмүүс өөрсдийгөө - энэ үнэхээр байж болох боломжтой юм гэж мэдрүүлэх хэрэгтэй гэж үзсэн” гэх тайлбарыг өгч байлаа.

Шинжлэх ухааны уран зөгнөлт сайн бүтээлүүдийн адилаар Ex-Machina кинонд зүйрлэл, далд санаа ихээр шингэсэн. Үүний нэг илрэл Калэб, Натан хоёрын Ава роботтой тогтоосон түгшүүртэй харилцаагаар хүний байгаль хийгээд технологитой хэр болгоомжтой харилцаж байгааг харуулжээ. Киноны дүрслэлд ч мөн адил энэ санааг байгууламжийг хүрээлсэн онгон байгаль өөрөө барилгын нэг хэсэг буюу хана болж байгаагаар илэрдэг. “Бид үүгээр үзэгчдэд, тэр байтугай Калэб, Натан хоёрт хүртэл хүний гараар бүтсэн бүтээл хийгээд байгаль хоорондын зөрчлийг сануулахыг хүссэн юм. Ава гэхэд л хүний бүтээсэн зүйл, гэхдээ байгалиас төрсөн шүү дээ.”