ФАРМТРАК

Америкийн Discovery сувгийн Street Outlaws нэвтрүүлэгт оролцоно гэдэг авто спортын хорхойтнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм. Гудамжны уралдааныг дамжуулдаг энэ нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой оролцогч нь Фармтрак болон түүний хамтрагч AZN хоёр. Харахад зэвэрсэн, хариугүй харагдах машинтай Фармтрак угтаа бол энэ нэвтрүүлгээр их мөнгө олж, цоо шинэ Ламборжини авбал авахаар. Гэвч тэр өөрийн хайртай Farmtruck 1970 C-10 загварын Chevy пикапаасаа ер салдаггүй болохоор машиныхаа нэрээр “Фармтрак” гэсэн хоч авчээ. 

Тэрээр хэлэхдээ “Миний энэ машин бол арван жил унаж байгаа энгийн л нэг ачааны тэрэг. Гэхдээ би энэ унаандаа хайртай. Хэдий лаг гэж хэлэх аргагүй ч хүрэх газарт минь хүргэдэг л эд дээ” хэмээн даруухан ярих тэрхүү ачааны машин нь ямар шидтэй талаар доор өгүүлье. 

Эзнийх нь хэлж буйгаар энэ тэрэг түүний хувьд “Номер 1” хөлөг. Таалагддаггүй, эсвэл жаахан өөрчилж, янзлах юм нэг ч байхгүй гэнэ. Дөрвөн дугуйгаараа мааждаг, хүчтэй, тухтай, ард нь эд хогшлоо аччихна, ер нь их амьдралд ойр, гайхалтай гэж амаа олохгүй магтах энэ хөлгийн хүч, тав тухыг аваад үзэхээр “ачааны кадиллак” гэж хэлж болмоор санагдана. 

Street Outlaws нэвтрүүлгийн оролцогчид Фармтракийг өдөр тутмын унаа гэдгээр нь сайн мэднэ. Хэрэв хотоос гарч хол явах бол хүчээ дагаад түлш их иддэг энэ унааг нэг их унаад байдаггүй. 

ТҮҮНИЙГ ЖОЛООЧ БОЛГОСОН МАШИН

Фармтрак ээжийнхээ 1974 оны дөрвөн хаалгатай Dodge Dart загварын Бэтси (Betsy) гэдэг машиныг унаж анх жолооч болжээ.

“Бэтси хэдийгээр хуучны машин яс сайтай, хэзээ ч эвдэрдэггүй

тийм л тэрэг байсан даа. Бэтси зургаан том дугуйтай данхар тэрэг байсан ч унаад гэрийн үүднээс хөдлөв үү үгүй юу түүнийг уралдааны машин болгож хувиргадаг байсан. Заримдаа ээж миний хаазан дээр дэвсэж буй хөлнөөс татаж хурд сааруулдаг байв.” Фармтрак тэр үеэс л ачааны машин сонирхож эхэлсэн аж.

“Би Оклахомагийн гудмаар машин унаж, уралдаж өссөн. Оклахома гэхээр биднийг өдөржин лааз өшиглөж явдаг байсан гэж бодож болохгүй шүү. Манай хотод хот хоорондын зам, хорооллын зам, бас хурдны зам бүгд бий.”

Фармтрак алдарт 66 дугаар хурдны замын хажууд өсжээ. Бэтани, Юкон тосгоныг холбосон энэ замыг тэрээр “100 милийн зам” гэж нэрлэсэн нь энэ зам дээр хэзээ ч 100 милиэс доош хурдтай явж үзээгүйгээс тэр гэнэ.

АНХНЫ МАШИНАА АВАХ ТЭР МӨЧ

“Миний хамгийн анхны машин бас л ачааны машин. Тийм ээ, би ачааны машины ертөнц рүү гүн орсон хүн” хэмээн ярих түүний анхны хөлөг нь өөртэй нь нас чацуу 1970 оны Ford Ton F-250 загварын бүхээгтэй ачааны тэрэг.

Фармтрак бага байхын л ажилсаг хүүхэд байж. Арван жилийн сургуульд байх үеэс түүнд хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй. Хичээлийн бус цагаар хог цэвэрлэх, жорлон цэвэрлэх, бараа ачиж буулгах гэх мэт хар бор ажил голохгүй хийж хайртай хөлгөө авах мөнгөө цуглуулдаг байсан гэнэ.

“Миний тэр машин бусад хүмүүсийн нүдэнд зэвтэй хуучин төмрийн сэг л байсан байх. Гэвч миний хувьд бол амь амьдрал, дэлхий ертөнц байлаа. Дандаа эвдэрдэг карбюратор, гэмтэлтэй мотортойгоос гадна нэг хэсэг бүр тоормосгүй ч давхиж явсан удаа бий. Гэхдээ ажиллаж олсон жаахан хэдэн цаасаараа зорьж авсан тэрэг байсан болохоор тэр унаандаа маш их хайртай байлаа” хэмээн дурсаж байв.

ФАРМТРАК, AZN ХОЁРЫН АДАЛ ЯВДАЛТ АМЬДРАЛ

Америк хурдны зам, хүчтэй машин, гудамжны уралдаанаараа алдартай. Ийм ч учраас Street Outlaws нэвтрүүлэг авто спортын хорхойтнууд гэлтгүй залуусын үзэх дуртай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэгт чамин тансаг, сүүлийн үеийн, супер хүчин чадалтай гэх орчин үеийн машинаар уралддаггүй нь нэг онцлог.

Фармтрак, AZN хоёрыг алдартай болгосон цөөн хэдэн шалтгааны нэг нь: Юуны өмнө энэ хоёрын унадаг машин нь харахад зэвтэй төмөр гэж голохоор хуучин ачааны тэрэг (Farmtruck 1970 C-10), суудлын машин (VW Bug) хоёр.

Хоёр эр “загасчлах”-аар замд гарч байгаагаар нэвтрүүлэг эхэлнэ. Загасчилна гэдэг нь огт өөр утгыг илэрхийлнэ. Замын шатахуун түгээх газарт очоод Mustang, Camaro, Porsche, Ferrari гэх мэт “супер” машин хөлөглөсөн жолооч нар дээр очоод өөрсдийнх нь зэвтэй төмөртэй уралдахыг санал болгодог юм.

Уралдаан яаж өрнөхийг та таамагласан байх.