Манож Баргава: би бусдад хамаг юмаа үнэгүй өгөх тийм баян хүн биш

Америкийн хамгийн нууцлаг тэрбумтан Манож Баргава гэх энэтхэг гаралтай энэ эрийн тухай анх сонсоод өдий хүртэл түүний нэрийг дуулаагүйгээ гайхаж байлаа. Түүний хийсэн, бүтээсэн, бас гайхшруулам үйлсийн тухай хэвлэлээр шуугиад байдаггүй болохоор тэр биз ээ. Гэтэл тэр Америкийн хамгийн баян 400 эрхмийн тоонд багтдаг.

АЛБАН МЭДЭЭЛЛЭЭР 1.7 ТЭРБУМ, АЛБАН БУС МЭДЭЭЛЛЭЭР 4 ТЭРБУМ АМ. ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ АЖЭЭ.

Түүний амьдрал их нууцлаг, хийсэн бүтээснээ зарлах нь ховор. Film 45 студийн Питэр Бэргийн найруулсан түүний талаарх баримтат нэвтрүүлэгт “Доналд Трамп шиг хоббитой л биш бол алдартай болох ямар ч хэрэг байхгүй” гэх Баргавагийн эрсхэн яриа бүхнийг хэлээд өгөх шиг.

“5 hour energy drink” хэмээх жижиг савлагаатай эрч хүчийн ундааны бизнесээр тэрбумтан болсон тэрээр хангалттай баян болсныхоо дараа хамаг хөрөнгөө буяны үйлсэд зориулахаар шийдэн Билл ба Милинда Гэйтсийн баячуудыг орлогоо буяны үйлсэд оруулахыг уриалсан санаачилгад нэгджээ. “Би бусдад хамаг юмаа үнэгүй өгөхөөр баян хүн биш” гэж даруухан загнах тэрээр ашгийнхаа 99 хувийг буяны үйлсэд хандивлахаар шийдсэн байв. Эдүгээ 65 настай энэ нууцлаг, даруу эрийн амьдрал, ажил, амжилтын түүх их сонирхолтой.

Баргавагийн бага нас

Манож Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Лакнов хэмээх бяцхан хотод чинээлэг гэр бүлд төржээ. Ямартай ч гэр нь хувийн үйлчлэгч, шивэгчинтэй байжээ. Түүнийг арван дөрвөн настайд эцэг нь Пэнсилванийн Их сургуульд докторын зэрэг хамгаалах болсон тул гэр бүлээрээ Америк руу нүүсэн байна. Гэр бүл нь Америкт ирснийхээ дараа санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Гэсэн ч Манож Филадэлфи хотын нэр хүндтэй, 160 гаруй жилийн түүхтэй Хилл дунд сургуульд тэтгэлэг авч суралцан, улмаар Принстоны Их сургуульд элсэн оров. Гэхдээ 1972 онд ганцхан жил суралцаад сургуулиа хаясан байлаа.

Өөрийгөө олох эрэл

Сургуулиа хаясан залуу төрсөн нутагтаа эргэн ирэв. Тэрээр Энэтхэгт арван хоёр жилийн хугацааг өнгөрүүлэхдээ ихэнх үед нь нэг хийдээс нөгөө хийдийн хооронд даяанч маягаар бясалгаж, бусад үед нь барилгын ажил, дунд шатны менежерийн ажил төдийхөн хийж байжээ. Энэ завсарт Америк руу түр хугацаагаар хэдхэн удаа очсон байв. Бараг л лам болсон тэрээр 1990 онд оюун санааны эрэл хайгуулын их аянаасаа Америкт эргэн ирээд хэд хэдэн компани байгуулав. Түүнд амжилт авчирсан, түүний тодотгол болсон бизнес нь “5 цагийн эрч хүчний ундаа.”

Эрч хүчийн ундаа

Баргаваг Америкт эргэн ирсэн 1990-ээд онд эрч хүчийн ундаа гэгч зүйл байгаагүй биш, байсан. Адил бүтээгдэхүүн гаргаад асар их мөнгө олсонд л Баргавагийн ухаан бий. Америкийг эхлээд аваад үзье л дээ. Аль нэг хотоос нөгөө рүү аялах, тээвэр хийхэд хүмүүс нь голдуу автомашин хөлөглөдөг. Хол замд нойрмоглохгүйн тулд, ажил дээрээ бүтээмжтэй байхын тулд “эрч хүч” сэргээдэг ундаа хэрэглэх нь их. Гэвч энэ ундаа хэдийнэ хэрэглээнд нэвтэрсэн байв. Гэхдээ Баргава яаж өөрөөр хийсэн юм бол?

Юун түрүүнд хэмжээ. Зах зээл дээр байсан ижил төрлийн бүтээгдэхүүнүүд бүгд дор хаяж нэг аяга ус уух дайны 250 граммаас их савлагаатай байв. Харин Баргавагийн гаргасан ундаа ердөө 56 грамм. Асар их ялгаа байгаа биз?

Хоёр дахь нууц нь магад “5 цаг” гэсэн тодорхойлолт байх. Энэ ундаа хэсэгтээ таныг унтуулахгүй, сэргэг байна гэж хэлэхийн оронд “5 цагийн турш” та эрч хүчээр дүүрэн байна гэвэл хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх нь дамжиггүй шүү дээ.

Баргава Innovations Venture компанийг үүсгэн байгуулж, багагүй хугацаанд судалгаа шинжилгээ хийсний эцэст 2003 онд “5 цагийн эрч хүчийн ундаа”-г зах зээлд гаргасан байдаг. Бусад ундаанаас ялгаатай нь түүний бүтээгдэхүүн хөргөгчинд биш, кассын дэргэдэх лангуун дээр тавигджээ.

2012 он гэхэд уг бүтээгдэхүүний борлуулалт 1 тэрбум ам. доллар болж өсөн Баргаваг тэрбумтнуудын эгнээнд оруулав.

Филантропист болохоор сэтгэл шулуудсан нь

2013 онд Форбэс сэтгүүл Баргавагийн хөрөнгө 1.5 тэрбум ам. долларт хүрснийг мэдээлж байв. Харин 2015 онд гарсан түүний тухай Billions in Change баримтат нэвтрүүлэгт хөрөнгийн хэмжээг нь 4 тэрбум ам. доллар гэжээ. Тэр энэ их хөрөнгийг хэрхэн зарцуулахад толгойгоо гашилгаж түвдээгүй гэлтэй.

“Хэрэв чамд мөнгө байгаа бол байхгүй хүмүүст туслах нь чиний үүрэг. Хүмүүсийн амьдралыг өөрчил, зөвхөн ярих хангалтгүй” хэмээн ярих тэрээр үгээ үйлдэл болгодог хүмүүсийн нэг гэдгээ батлан харуулжээ.

Бахаргава 2012 онд манай гаригийн хамгийн баян хүмүүс болох Билл, Мэлинда Гэйтс болон Воррэн Баффэт нарын тэргүүлдэг The Giving Pledge хэмээх тэрбумтнуудыг баялгийнхаа ихэнх хэсгийг буяны үйлст хандивлахыг уриалдаг санаачилгад нэгдэж буйгаа албан ёсоор нийтэд зарласан билээ.

Филантропист болох зам мөрийг сонгосноо тайлбарлаж тэрээр “Надад хөрөнгөө хүүдээ өвлүүлж амьдралыг нь баллах эсвэл 90-ээс дээш хувийг нь буяны үйлсэд зориулах гэсэн хоёр л сонголт байсан. Ер нь бол бараг сонголт байгаагүй дээ” хэмээжээ.

Тэрбум тэрбум хүний амьдралыг өөрчлөх хүсэл

Баргава дээрх санаачлагад нэгдэхээсээ өмнө Innovation Ventures компаниасаа Энэтхэгийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд зориулж 623.6 сая ам. доллар босгосон ба түүний хэлснээр энэ “Энэтхэгт зориулсан хэний ч үл мэдэх хамгийн том хандив” болжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди “Манай улсад цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй 18 500 тосгон бий. Бид эдгээр тосгоныг 1 000 өдрийн дотор бүрэн эрчим хүчээр хангана” хэмээн 2015 оны наймдугаар сарын 15-нд Тусгаар тогтнолын өдрөөр ард олондоо мэдэгдэж байлаа. Энэтхэгийн Эрчим хүчний яамны мэдээлснээр тус улсад 43 сая айл өрх тог цахилгаангүй аж төрж байна.

Баргавагийн нээлт байгаагүйсэн бол энэ мэдэгдэл “популист амлалт” болох энүүхэнд байлаа. Тэр эрчим хүчний энэ хямралыг шийдэх, хөдөө тосгоны иргэдийг тогоор хангах цор ганц гарц нь зөөврийн эрчим хүч гэж үзжээ. “Зөөврийн эрчим хүч яг л гар утас шиг том өөрчлөлт авчирна” хэмээн indianexpress.com сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Түүний багийнхан нарны энергиэр цэнэглэгдэх PowerPack гэх зөөврийн бяцхан төхөөрөмжийг зохион бүтээжээ. Хөнгөхөн, зөөврийн, ашиглахад хялбар уг нарны хавтан нь өдрийн гэрэл, USB оролт болон жижиг цахилгаан төхөөрөмжүүд залгах 12 вольтын залгууртай. Үүнийг мөн цахилгаанд холбон цэнэглэж болдог ажээ. Энэ төхөөрөмж 14500 рүпиний үнэтэй байгаа нь тосгоны иргэдийн хувьд чамгүй өндөр үнэ ажээ. “Бид энэ төхөөрөмжийг ‘тэг-ашигтай’ байх зарчмаар гаргаж байгаа. Бас стандарт хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэхгүй байна. Иймээс бид үнийг нь 14 500 рүпи гэж тогтоосон. Энэ мөнгө ядуу буурай өрхийн хувьд үнэтэй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэрэл гэгээтэй талаас нь харах юм бол тэд дараагийн 12 жилдээ л тогны мөнгө төлөх шаардлагагүй болж байна шүү дээ” хэмээн Баргава тайлбарласан байв.

Тэр бизнес хийж олсон мөнгөө бусдад зүгээр өгдөг гэвэл өрөөсгөл болно. Түүний буяны үйлсэд баримталдаг гол зарчим бол инноваци хийж, түүнийгээ бусадтай “үнэгүй” хуваалцах гэвэл илүү зохино.

Том асуудлын хялбар шийдлүүд

“Эдүгээ хүмүүн бидний тоо долоон тэрбум давжээ. Бидний өмнө асар том асуудлууд нүүрлээд байна. Ярилаа гээд хэн нэгний амьдралыг бид ядуурлаас гаргаж чадахгүй. Бусдад энэ аюулыг таниуллаа гээд бохирдлыг бууруулж, өвчнийг анагааж чадахгүй. Гэхдээ энд шийдэл нь байна” хэмээн Баргавагийн ажил үйлсийн тухай цор ганц албан ёсны баримтат нэвтрүүлэг эхлэх ажээ.

Баргавагийн баг эрүүл мэнд, ус, эрчим хүчний салбарт инноваци хийхээр ажиллаж байна.

Renew нэртэй эрүүл мэндийн төхөөрөмж л гэхэд хөлөн дэх усыг биеийн төв хэсэг рүү шахаж “нэмэлт зүрх”-ний үүрэг гүйцэтгэдэг.

Ган гачгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тэд цагт 1 000 галлон усыг цэвэршүүлэн ундны ус гаргах чадалтай Rain Maker төхөөрөмжийг бүтээжээ.

Түүнд үүнээс ч илүү - дэлхий дахиныг хүлэмжийн хий ялгаруулдаг шатах түлшний хамаарлаас гаргах аугаа санаа бий. Уур амьсгалын өөрчлөлтийг хүмүүс янз бүрээр л хүлээн авч байгаа, харин түүний хувьд энэ бол асар том асуудал. Тэр гэхдээ хариуг нь олжээ: Дэлхийн гүнээс дулаан авах.

Индонез, Исланд зэрэг орнуудад геотермик буюу газар доорх дулааныг ашиглах аргыг хэдийнэ туршин хэрэглээд эхэлсэн байгаа. Гүний энергийг дэлхийн гадарга дээр гаргаж ирэхийн тулд химийн бодис хольсон уур ашиглахаас өөр арга тэр олсон нь графин утас. Гангаас ч бат бөх энэ утас дулааныг гайхалтай дамжуулдаг ажээ.

Нүүрс, газрын тос, байгалийн хийг орлох энэ дулааныг гарган авахын тулд “Юуг ч шатаах хэрэгггүй, дулааныг гаргаж ирлээ гэхэд одоо ашиглаж байгаа дэд бүтцийг солих шаардлага гарахгүй” хэмээх ярих тэрээр геотермик дулаанаар эдүгээ ашиглаж буй шатах түлшний хэрэглээг 85 хувиар бууруулах боломжтой гэж байлаа. “Намайг хэн нэг нь алах байх аа” хэмээн инээн хэлэх тэрээр энэ инноваци нь геополитикийг үндсээр нь өөрчилж болохыг сайтар ойлгож байх шиг. Тэрээр Сингапур дахь графины судалгааны төвтэй хамтран газрын гүн дэх энергийг авах кабель бүтээхээр ажиллаж байна.

Түүний хийхээр зорьж буй ажлууд олон жилийн хөдөлмөр, судалгаа шинжилгээ, хөрөнгө мөнгө шаардахаар. Хэтдээ дэлхийг өөрчлөх оргилуун хүслээс гадна ойрын үед хэрэгжүүлж болох инновациуд ч бас түүнд бий.

Баргава эрчим хүч гаргадаг дугуй, байгалийн бордоо, ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүдээ хэрхэн, ямар зарчмаар ажилладгийг нээлттэй тайлбарлан, хүссэн хүнд нь зааж өгнө гэжээ. Хүмүүст үнэгүй зүйл өгвөл ашиглаж чадахгүй хэмээн ярьдаг ч инновациа харин харамгүй хуваалцдаг ажээ.