Авсаархан амьдрах урлаг

Автомашин үйлдвэрлэгч MINI компани хотын зай талбай, орон зайг бүтээлчээр ашиглах зорилготой MINI Living гэх маш сонирхолтой төслийг хэрэгжүүлж байна. Тэдний хамгийн сүүлд хэрэгжүүлсэн төсөл нь Хятадын Penda компанийн үүсгэн байгуулагч Даяон Сүнтэй хамтран Бээжин хотын хүтон дүүргүүдээс санаа авч барьсан бичил байшин ажээ.

Бээжин хотын өнгө төрх, онцлог, соёл, иргэдийн хэрэгцээ, хэрэглээ гэх мэт олон зүйлийг тусган авч үзсэний үндсэн дээр бүтээсэн орчин үеийн загвартай энэ бяцхан байшин бол MINI Living төслийн хүрээн бүтээгдсэн дөрөв дэх байшин юм байна. Өмнө нь тэд Лондон, Нью Йорк, Лос Анжэлэст эдгээр Метрополитан хотуудын орон зайн онцлогийг харгалзсан бичил байшин барьж байжээ.

Уг бяцхан байшинд унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөө цөм багтжээ. Байшингийн орой дээрх долоон өөр хэлбэртэй цагаан бүтээцийг амьдралын хэрэгцээ шаардлагын үүднээс өөрсдийн орон байраа өргөтгөж, нэмж байгуулдаг хүтоны оршин суугчдын сууцнаас санаа авсан аж.