Emeco сандалны түүх

Анх Америкийн тэнгисийн цэргийн хүчинд зориулан гаргаж байсан, эдүгээ хоолны газар, айл гэр, албан тасалгаа гээд өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, газар сайгүй үзэгдэх болсон “Emeco 1006” сандалны түүх их сонин. “Бид одоо ч анх эхэлсэн газартаа байгаа” гэх энэ компанийг илтгэх өгүүлбэрээс ямар ч инновацигүй яаж өдий хүртэл оршин тогтнож байгааг нь эрхгүй гайхахаар.

Түүх ингэж эхэлжээ. 1944 онд Вилтон Карлайл Динжэс гэгч нөхөр Цахилгаан машин, тоног төхөөрөмжийн (EMECO) компанийг үүсгэн байгуулж байв. Дайн ид өрнөж байсан цаг тул анхны захиалга нь Америкийн тэнгисийн цэргийн хүчнээс иржээ. Тулааны хөлөг дээрх нөхцөл байдал туйлын хүнд. Иймд тэд давстай усанд зэврэхгүй, дэлбэрэлтэд эвдрэхгүй бат бөх сандал хүсжээ. Техник, технологи хөгжсөн бидний үе хүртэл, анх бүтээсэн технологиороо өнөөг хүртэл үйлдвэрлэгдсээр буй Emeco сандлын нууц нь олдоц сайтай түүхий эдээс гадна түүнийг эвдэршгүй бөх болгох 77 алхам бүхий үйлдвэрлэлийн процесст бий. Emeco анх байгуулагдсан цагаасаа л дахин боловсруулсан материал ашиглаж ирснээрээ онцлог. Тэдний хамгийн алдартай загвар нь 111 ширхэг коланы хаягдал лааз ашиглаж хийсэн “111 Navy” загвар.