ЖОШУА МОД

Аагим халуун элсэн цөлд ачааны чингэлэгт амьдарна гэхээр санаанд буухгүй байх. Гэхдээ таны бодол Их Британийн дизайнер Жэймс Вайтэкэрийн бүтээсэн гайхалтай энэ бүтээлийг хараад өөрчлөгдөх нь лавтай. Хэд хэдэн ачааны чингэлгийг газраас урган гарсан бут сөөг ч юм шиг, дэлбэрэлтээс царцаад үлдсэн царцмаг ч юм шиг уран сэтгэмжит байдлаар зохиомжилсон цөлийн энэ барилга орон сууц гэхээсээ илүү музей гэж андуурам гайхалтай урлагийн бүтээл болжээ. 

Уг барилгыг Лос Анжэлэст амьдардаг зураглаач гэр бүлд зориулан барих ба захиалагчид нь нэрээ нууцлахыг хүссэн байна. Энэ барилгын шалны талбай нь 640 метр2 бөгөөд гаднаа задгай асартай байхаар төлөвлөжээ. 

Эрчим хүчний хэрэглээг гадна суурилуулах нарны хавтангаар хангах ажээ. 640 метр2 талбайтай энэ барилга гаднаасаа харагдаж байгаа шиг дотроо давчуу биш, энд гал зуух, зочны өрөө, гурван унтлагын өрөө байна. Интерьер нь эсктерьер шигээ сонирхолтой бөгөөд орчин үеийн өнгө аястай. Барилгын доторх төв талбайгаас чингэлгээр дамжуулан зүг бүр харах боломжтой ч хувийн орон зай бүрдүүлэх үүднээс унтлагын өрөөнүүд нь давхар хаалгатай байна.

“Интерьерийн шийдлийг захиалагчтай ярилцан шийдэх учир дотоод тохижилтын зургийг гаргахдаа уужим, минимал хэвээр орхисон. Ямар сандал, хивс тавихад толгой гашилгахаас илүүтэй орон зай, архитектурын бүтээцэд төвлөрч ажиллахыг хүссэн юм” хэмээн Вайтэкэр тайлбарласан байв.

Тэнгэр өөд тэмүүлсэн чингэлгүүдийн өнцгийг харагдах орчин сонирхолтой байхыг бодолцон тооцсон байна.

Вайтэкэрийн захиалагч Калифорнид байрлах “Жошуа мод” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт байрлах 90 акр талбай бүхий эзэмшил газартаа уг барилгыг бариулах захиалга өгсөн байв.

Хоёр жилийн өмнө захиалагч хэдэн найзын хамт Лос Анжэлэсээс гурван цаг гаран машинаар явж хүрэх Жошуа мод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү аяллаар явжээ. Өөр гариг дээр ирсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэх хад чулуу ихтэй цөл дунд байх энэ газарт ирсэн нэг найз нь түүнд “Энд ямар барилга байвал төгс зохицоно гээч...” гэсээр зөөврийн компьютерээ дэлгэн интернэтэд тавигдсан нэгэн зургийг үзүүлсэн байна. Тэр зураг нь харин Вайтэкэрийн хэдэн жилийн өмнө рэндэринг зургийг нь гаргаад хэзээ ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй нэгэн төслийн зураг байсан гэдэг. Хожим захиалагч маань Лондон орохдоо Вайтэкэртэй уулзан эдүгээ бидний харж буй энэ төслийн захиалгыг өгсөн байлаа.

2010 онд Вайтэкэр нэгэн сурталчилгааны агентлагт зориулж загварыг нь гаргасан Германы Хар ойд барихаар төлөвлөөд хэрэгжээгүй хямд өртөгтэй, эко барилгын төслөөс “Жошуа мод” төслийн санаа төрсөн байв.

Архитектор маань өөрөө вэб хуудсан дээрээ сэтгэгдлээ ийн хуваалцжээ: “2010 онд найз маань Германд сурталчилгааны агентлаг нээхээр зэхэж, шинэ старт-апд нь зориулж намайг оффисын байрны зураг гаргаж өгөөч гэж гуйсан юм. Харамсалтай нь ажил эхлэхээс өмнө тэдний ажил зогсож, барилга хэзээ ч баригдаагүй. Түүнээс хойш энэ концепцийг хэрэгжүүлэх хүнийг хайж байлаа. Харин Жошуа мод бол яг төгс тохирох газар.”

“Миний “Жошуа мод” загварын тухай олон нийтлэл гарч, хүмүүс доор нь хэдэн мянган санал сэтгэгдэл бичжээ. Би өөрөө харин энэ загварынхаа талаар огт ярьж байгаагүй юм байна. Цухас өгүүлэхэд, барилгын төлөвлөгөөг баригдах байршлын газарзүйн онцлог, чулуурхаг гадаргыг харгалзан гаргасан. Бас чингэлгүүдийн чиглэл, хувийн орон зайг хэрхэн бүрдүүлэхийг ч бас бодолцсон.

Гал зуухны өрөө л гэхэд дорно зүгт харсан учир өглөөний нарны туяа толгодын цаанаас сайхан тусахаар. Угаалгын өрөөг толгодын өндөр, том чулуутай талд байрлуулсан учир хувийн орон зай бий болж байгаа юм. Байшин руу анх орж ирэхэд таныг бүх хаалга нь нээлттэй угтана. Та барилгын тэг дунд зогсоод түүний бүх өнцгүүдийг харж болно.”